Улсын Их Хурал 2026 оны 6 дугаар сарын 26-нд татварын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Ихэнх өөрчлөлт 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Харин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болон Онцгой албан татварын тухай хуульд орсон зарим өөрчлөлт аль хэдийн мөрдөгдөж эхэлсэн. Аж ахуйн нэгж, хувь хүмүүст хамгийн их нөлөөлөх өөрчлөлтүүдийг доор товчлов.
Товчхондоо
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 6–10 тэрбум төгрөгийн орлогод 15 хувийн шинэ шатлал нэмэгдэнэ.
- Жижиг, дунд аж ахуйн нэгжийн 90 хувийн хөнгөлөлтийн босго 1.5 тэрбумаас 2.5 тэрбум төгрөг болно.
- НӨАТ суутган төлөгчөөр заавал бүртгүүлэх босго 50 саяас 400 сая төгрөг болно.
- ААНОАТ болон ХХОАТ-ын жилийн тайланг дараа оны 3 дугаар сарын 5-ны дотор тушаадаг болно.
- Татвар төлөгч бүрийг 100 хүртэлх оноогоор үнэлэх хууль даган мөрдөлтийн түвшин нэвтэрнэ.
1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар
Татварын хувь хэмжээ хоёр шатлалаас гурван шатлалтай болж, дунд хэмжээний компаниудын татварын ачаалал буурна.
| Татвар ногдох жилийн орлого | Одоо | 2027 оноос |
|---|---|---|
| 6 тэрбум төгрөг хүртэл | 10% | 10% |
| 6–10 тэрбум төгрөг | 25% | 15% |
| 10 тэрбум төгрөгөөс дээш | 25% | 25% |
- ЖДҮ-ийн хөнгөлөлт: жилийн татвар ногдох орлого нь 2.5 тэрбум төгрөг хүртэлх аж ахуйн нэгж 90 хувийн хөнгөлөлт эдэлнэ. Хуульд заасан зарим салбарт энэ хөнгөлөлт хамаарахгүй.
- Мэдээллийн технологи: Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд заасан виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн үйл ажиллагааны орлогод татварын хөнгөлөлт шинээр үйлчилнэ.
- Элэгдэл: өгөгдөл хадгалах, боловсруулах зориулалттай сервер, график процессортой тоног төхөөрөмж, супер компьютерын элэгдлийг 3 жилээр тооцно.
Татвар төлөх, тайлагнах хугацаа сунгагдсан
| Төлөлт, тайлан | Одоо | 2027 оноос |
|---|---|---|
| Сар бүрийн урьдчилгаа төлөлт | Тухайн сарын 25-ны дотор | Тухайн сарын сүүлийн өдөр |
| Улирал бүрийн урьдчилгаа төлөлт | Улирал дууссаны дараа сарын 20-ны дотор | Дараа сарын сүүлийн өдөр |
| Хагас жилийн тайлан | 7 дугаар сарын 20 | 8 дугаар сарын 5 |
| Жилийн эцсийн тайлан, төлөлт | Дараа оны 2 дугаар сарын 10 | Дараа оны 3 дугаар сарын 5 |
2. Татварын ерөнхий хууль
- Хууль даган мөрдөлтийн түвшин. Татвар төлөгчийн бүртгэл, тайлагнал, төлөлт, гаалийн бүрдүүлэлт, зөрчлийн мэдээлэлд үндэслэн 100 хүртэлх оноогоор улирал, жилээр үнэлж, татварын нэгдсэн системээр мэдэгдэнэ. Энэ түвшин НӨАТ-ын хойшлуулалт зэрэг боломжид шууд нөлөөлнө.
- Маргаантай акт. Маргаан таслах зөвлөл эсвэл шүүхээр хянагдаж буй актын алданги, торгуулийг эцэслэн шийдвэрлэх хүртэл нэхэмжлэхгүй.
- Данс битүүмжлэл. Битүүмжилсэн данснаас татварын өрийг гаргуулахдаа орж ирэх мөнгөний 70 хувиас хэтрүүлэхгүй. Ийм данснаас ногдол ашиг, харилцан хамаарал бүхий этгээдэд төлөх төлбөр хийхийг хориглоно.
- Алдангийн дээд хязгаар. Хугацаандаа төлөөгүй татварын алданги тухайн татварын 50 хувиас хэтрэхгүй.
- Тайлан залруулах. Татварын тайланг дараагийн хоёр татварын жилд багтаан залруулж болно.
- Шалгалтын үе. Татварын шалгалтын томилолт олгосноос шийдвэр гарах хүртэл хугацаанд алданги тооцохгүй.
3. Нэмэгдсэн өртгийн албан татвар
- Сүүлийн 12 сарын борлуулалтын орлого нь 400 сая төгрөгт хүрсэн этгээд НӨАТ суутган төлөгчөөр заавал бүртгүүлнэ (одоо 50 сая). Сайн дураар бүртгүүлэх 10 сая төгрөгийн босго хэвээр байна.
- Хууль даган мөрдөлтийн түвшин "сайн" буюу түүнээс дээш татвар төлөгч хүсэлт гаргавал НӨАТ-ын төлөлтийг эхний удаа 1 сараар, дараагийн удаа 2 хүртэлх сарын хугацаанд сар бүр тэнцүү хувааж төлөхөөр хойшлуулж болно. Үүнд импортын барааны НӨАТ хамаарна.
4. Хувь хүний орлогын албан татвар
- Цалингийн орлого: 2027 оноос жилийн 9,504,000 төгрөг хүртэлх цалин хөдөлмөрийн хөлсөнд 0 хувийн шатлал үйлчилж, одоогийн татварын хөнгөлөлт хүчингүй болно. Дээд шатлалууд (15%, 20%) хэвээр.
- Хялбаршуулсан горим: үйл ажиллагааны орлогод нийт дүнгээс 1 хувиар татвар ногдуулах горимыг 1 тэрбум төгрөг хүртэлх орлоготой татвар төлөгч хүсэлтээрээ сонгож болно.
- Орон сууц борлуулах: анх удаа өмчилж, амьдарч байсан орон сууцаа борлуулсан орлогыг (аялал жуулчлалын бүс, тусгай хамгаалалттай газарт баригдаагүй бол) татвараас чөлөөлнө.
- Жилийн тайлан: дараа оны 2 дугаар сарын 15-аас 3 дугаар сарын 5 болж сунгагдана.
5. Онцгой албан татвар
- Импортын суудлын автомашины гаалийн үнийн 360 сая төгрөгөөс давсан хэсэгт 33 хувийн нэмэлт татвар ногдуулж эхэлсэн (2026.06.26-наас).
- Янжуур, задгай тамхи, хамрын тамхины татварыг биет нэгж болон үнийн хувиар хослуулан тооцох болсон (2026.07.02-ноос).
Танай байгууллага одоо юу хийх вэ?
- 2027 оны төсөв, урьдчилгаа төлөлтийн хуваарьт ААНОАТ-ын шинэ шатлал, хугацааг тусгах.
- Борлуулалт 400 сая төгрөгөөс бага бол НӨАТ суутган төлөгчөөр үлдэх үү, үгүй юу гэдгийг харилцагч, үнийн бодлоготойгоо уялдуулан шийдэх.
- Тайлан, төлөлтөө хугацаанд нь хийж, хууль даган мөрдөлтийн түвшингөө хянах.
- Цалингийн тооцооны программ, нягтлан бодох бүртгэлийн хуанлиа 2027 оны 1 дүгээр сараас өмнө шинэчлэх.
Өөрчлөлт танай байгууллагад хэрхэн нөлөөлөхийг тооцоолоход ДУМ АУДИТ тусална.
Эх сурвалж: 2026 оны 6 дугаар сарын 26-нд батлагдсан татварын багц хууль, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Онцгой албан татварын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт. Энэ мэдээ ерөнхий мэдээллийн зорилготой. Тодорхой нөхцөлд хэрэглэхээс өмнө мэргэжлийн зөвлөгөө авна уу.
← Бүх мэдээ